Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээ батлагджээ

 

ХӨВСГӨЛ АЙМАГ

ШИНЭ-ИДЭР СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                Дугаар III/04                                                                                                 Эрдэнэт

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,

ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 03 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга 1.мкв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээ, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын код, газар ашиглалтын зориулалтыг 1 дүгээр, хот тосгон, бусад суурин газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилийн цэсээр 1 бүстэй байхаар тогтоож 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга / М.Бат-Эрдэнэ /-д даалгасугай.

3.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга / М.Бат-Эрдэнэ /, Газрын даамал / Э.Хүрэлбаатар / нарт, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний ногдуулалтад хяналт тавьж, орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Татварын улсын байцаагч / Б.Сайнзаяа /-д  даалгасугай.

4.Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж “ Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг  сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Д.Гэрэлчулуун /-д даалгасугай.

5.Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг засаг  дарга / М.Бат-Эрдэнэ /-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Д.Гэрэлчулуун /-д үүрэг даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА                         Т.ГОМБОСҮРЭН

https://www.legalinfo.mn/annex/?lawid=16133 хавсралтыг энэ холбоосоор орж үзнэ үү