Улсын аварга малчин шалгаруулах журам шинэчлэн батлагджээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр   Улаанбаатар хот

Дугаар 338

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Улсын аварга фермер шалгаруулах журам”-ыг 2 дугаар хавсралт, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх, улсын аварга фермер, улсын аварга саальчныг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

3. Малчин өрхийг малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашиглаж байгаа байдал, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шим (мах, сүү, ноос, ноолуур)-ийг нэмэгдүүлсэн, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан орон нутагтаа шалгаруулан шагнан урамшуулж байхыг аймаг, сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                Ч.УЛААН