Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор. Б.Чимид
2024-10-16 16:11:35,   76

  Ач хариад овгийн Бяраагийн Чимид

1934 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. 

Монгол Улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрт ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан, Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй, Монгол Улсад хууль зүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан Монголын шилдэг хуульч, багш, эрдэмтэн хүн байв.

Тэрбээр БНМАУ-ын Шүүх яамны сайд, БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий арбитрч, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Бага Хурлын (гишүүн) нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төрийн алба хашиж байв. 

    МУИС-д 1962-1966 онд суралцаж хуульч мэргэжлээр дүүргэсэн. “БНМАУ-ын захиргааны эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд докторын зэргийг 1975 онд хамгаалжээ.

     Орон нутагтаа малчин, бичиг үсгийн бүлгэмийн багш,

    1953-1956 онд ардын цэрэгт байлдагч, салааны туслах, 1956 оноос төрөлх сумандаа багийн дарга, Хөвсгөл аймгийн Намын хороонд зааварлагч, 1966 оноос МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978 оноос Шүүх яамны сайд, 1982 оноос Улсын дээд шүүхийн дарга, 1984 оноос Улсын дээд шүүхийн дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч, 1986 оноос Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын зөвлөх, Монгол Улсын хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш зэрэг алба ажлыг хашсаар байна. “Монгол Улсын захиргааны эрх зүй”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Шүүхийн тогтолцооны үүсэл хөгжил” зэрэг нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульч боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж парламентад хамгаалж хэлэлцүүлж батлуулсан, эрх зүйн шинэтгэл, хүний эрхийн салбарт гол гол төслүүд боловсруулалцсан, Улсын Их Хурлын суурийг тавилцсан шилдэг хуульч ажээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр нэг удаа сонгогдож, МАХН-ын XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүн, гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагджээ.

 

2024-10-16 16:11:35