НОТАРИАТЫН ТОДОРХОЙ ҮЙЛДЭЛ ХИЙХ ЖУРАМ
2024-10-17 17:45:25,   46

1. Гэрээслэл гэрчлэх

         Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараахь баримт бичгийг үндэслэнэ:

 1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа;

1.2.гэрээслэж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт.

 1.2.Нотариатч гэрээслэлийг гэрчилж, түүнд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурна.

1.3.Гэрээслэгч өвчтэй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн этгээдээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн дээрх шалтгааныг тодорхойлсон тэмдэглэлийг гэрчийг оролцуулан үйлдэнэ.

1.4.Гэрээслэгч Иргэний хуулийн 525.1-д заасны дагуу гэрээслэлээ өөрчилсөн буюу цуцалсан бол энэ тухай мэдээллийг 30 хоногийн дотор өөрчилсөн гэрээслэл, цуцалсан баримт бичгийн хамт уг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, эсхүл Танхимд ирүүлнэ.

1.5.Нотариатч энэ хуулийн 40.4-т заасан баримт бичгийг хүлээн авмагц анхны гэрээслэл болон гэрээслэлийн бүртгэлийн дэвтэрт өөрчилсөн буюу цуцалсан тухай тэмдэглэл хийж, хувийг хавсаргана. Гэрээслэлийг анх гэрчилсэн нотариатч байхгүй тохиолдолд Танхимын ерөнхийлөгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

       2.Итгэмжлэл гэрчлэх

2.1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ.

3.2.Төлөөлөгчид эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх, эсхүл итгэмжлэлийг бусдад шилжүүлэх бол энэ тухай итгэмжлэлд тусгайлан заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно. 

3.Гарын үсэг гэрчлэх

3.1.Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ.

3.2.Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэх бол тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эсэхийг нягтална.

3.3.Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна.

4.Гэрээ, хэлцэл гэрчлэх

4.1. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;

4.2. Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;

4.3. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;

4.4. Өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;

4.5. Тэжээн тэтгэх гэрээ;

4.6. Эрх шилжүүлэх гэрээ;

4.7. Зээлийн гэрээ;

4.8. Хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ.

4.9. Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:

1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;

2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;

3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;

4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.

5.Баримт бичгийн хуулбар гэрчлэх

5.1.Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.

5.2.Өөр өөр утга санаа агуулсан баримт бичгийн аль нэг хэсгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж болох бөгөөд ийнхүү гэрчлэхдээ үндсэн агуулгыг илэрхийлсэн хэсгийг заавал хамт гэрчилнэ.

5.3.Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ.

 

2024-10-17 17:45:25