Ашиг сонирхолын зөрчил гэж юу вэ?
2025-11-22 16:27:14,   118

Төрийн албанд анх орж байгаа иргэн цагаан цаас адил цэвэрхэн, хоосон зүйл биш бөгөөд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, дуртай зүйл, эвсэл, холбоо, нийгэмлэгийн гишүүнчлэл, харьяалал, өөрийн бизнес, эд хөрөнгө зэрэг хүн бүрт байдаг бүхий л зүйл, асуудалтайгаа хамт орж ирдэг. Эдгээр харилцаа холбоо, ашиг сонирхол нь албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй бөгөөд хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхлын төлөө, тэгш шударгаар ажиллах үүрэгтэй нь зөрчилдөхийг үгүйсгэхгүй. Нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, ард түмэнд үйлчлэх нь төр, засгийн газрын байгууллагын суурь зарчим, албан тушаалтны үндсэн үүрэг бөгөөд шударга, ил тод байдлыг хангах нь олон нийтийн итгэлийг бий болгоход чухал ач холбогдолтой гэж үздэг.

Хүн бүрт өөрийн гэсэн хувийн сонирхол бий. Нийтийн албан тушаалтан ч гэсэн аав ээж, ах дүү, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэй, хүсэл мөрөөдөлтэй, хувийн сонирхолтой байх нь гарцаагүй.

Төрийн албанд орсон хэн боловч хувийн ашиг сонирхлын асуудлаа зохицуулах шаардлагатай. Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхолд хориг тавьж, хязгаарлах нь ярвигтай асуудал. Гэхдээ төрийн алба хашиж, нийтийн албан тушаалтан болсноор тэрээр нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн үүргийг хүлээж, албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос илүүд үзэж хэрхэвч болохгүй. Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол, түүний ажил, албан үүрэг хоорондын зөрчлөөс, ялангуяа энэхүү зөрчлийг зүй зохистойгоор удирдан зохицуулаагүйгээс авлига үүсэх орон зай бий болдог. Тиймээс ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх нь авлигад автах эрсдэлийг бууруулдаг. 

2025-11-22 16:27:14